2015-11-22

Баяртай



Эхлэл төгсгөл хоёр хоорондоо ялгаатай. Эхлэхдээ жаргалтай ч төгсгөл нь гунигтай байж болно. Хүний амьдрал гэж л энэ байх даа гэсэн бодлоор өөрийгөө цагаатгаж байна. Хэчнээн ч их сайхан дурсамж үлдээж, олон том амлалтууд өгч байсан юм. Тэр бүхнийг би биелүүлж чадахгүй нь ээ гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Харин одоо би өөрийгөө чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Чи миний амьдралд тааралдсан маш том азын од байлаа. Чамтай байхад би чамайг биш өөрийгөө нээн танилаа. Надад өөрийн минь юуг чаддаг, юуг чадахгүй гэдгийг ойлгуулж, мэдрүүлж өгсөн чамд баярлалаа.
Ирэх 5 сард нэг мөсөн сургуулиа төгсөж очоод уулзана гэж хамгийн сүүлд хэлсэн минь ч талаар болж байна. Яг одоо миний дотор бүх зүйл нуран унаж, чамд уур хүрч байна, тэгээд би өөрийгөө хамгаалж байна. Хэдий би энэ хэсэгхэн зуурын хэцүү байдлыг яаж ийгээд давж туулаад ирэх 5 сард чам дээр очлоо ч миний сэтгэл чамд эргэж ирэхээсээ нэгэнт өнгөрчээ. Хэрвээ би чамд энэ үгсийг хэлэхгүйгээр тэсч, тэвчээд чам дээр очвол би өнгөрсөн хугацаанд чамайг хүлээж, бодож, шаналж явсан зөвхөн миний дотор байдаг тэр их тэвчээр хүлээлт, өөрийгөө хуурсан гэгээн бодлуудтайгаа, тэр болгоныхоо гүн хар сорвинуудтайгаа бөөн хар бараан гуниг тээн очих болно. Тийм муухай юм тээгээд очиж байгаа хүн яаж ч нэгэнт холдон одоод байгаа чамайг эргэн авч ирж, баяр хөөр өгч чадах билээ. За энэ бол ирээдүйг төсөөлсөн миний өнөөдрийн дүгнэлт л юм хойно, хий үгсээр яахав. Хамгийн гол нь яг одоо би маш их өвдөж байна. Энэ өвдөлт үргэлж хуримтлагддаг.Тэгээд дараа нь өвдөхдөө өмнөх бүх өвдөлтүүдтэйгээ нэмэгдэж өвддөг. Би ингэж өвдөхийг огт хүсэхгүй байна. Би амиа хичээгч юм байна. Яагаад ч юм яг чамайг зургаахан сар хүлээчих юмсан гэсэн бодол орж ирээд байх боловч. Яг одоо би энэ өвдөлтийг тэсэхгүй нь ээ. Хоёр хүний харилцаан дундаас хүн яагаад өвддөг юм бэ? нөгөө хүнээ өвтгөхөөр өвддөг. Яг л гараараа хүнийг шанаадахад өөрийнх нь гар яг тэр хүний шанаанд өгсөн хүчтэй цохилтыг эргүүлэн авч өвддөг шиг. Яг үүнтэй адилаар би ч бас чамайг өвтгөж байгаа байхаа.
Энэ хорвоо дээр учир шалтгаангүй гэж зүйл үгүй. Бид бол байгаль. Нар гарахаар ус ууршиж үүл болон нарыг хаадаг, аадар ордог боловч эргээд нар гардаг, навч цэцэг сэргэдэг, ургадаг, намар нь эргээд үхдэг.
Би чамайгаа ямар их санана вэ, ирээдүйд гэр бүл болоод... гэж хэлдэг, бичдэг, боддог, хэлнэ, хийнэ гэж хүлээдэг байсан. Харин одоо чамайг, тэр бүхнийг мартаад хагацах цаг нь болжээ.

Баяртай.

2015-03-25

Хүүгийн минь дурлах бүсгүйд илгээх захидал /Зохиогч Х.Болор-эрдэнэ/

Уул сүүдэрлэж, тэнгэр баганадсан том эр хажууд чинь суугаад өөртөө баймгүй намуухан дуугаар чамд эв хавгүйхэн бүүвэйн дуу дуулж өгч байна уу? Тэр чинь миний хүү. Ийм том эрийг төрүүлсэн ээж нь одоо эрхийхэн чинээ жижигхэн хүн болчихсон гэвэл чи итгэх үү?

Үрийнхээ даахьтай зулайг үнэрлэнхэн энхрийлж, өөдсийн чинээхэн хөлийг нь төөлөн сууж байсан тэр л ээжээс бүсгүй чамд ийм нэгэн зурвас илгээхээр шийдлээ.

Ханхар том мөрийг нь налаад, хажууд нь эрхлэнхэн суугаа чи хүссэн бүхнийг чинь гүйцээх ийм нэгэн залуу дэргэд чинь мөнх амьдарна гэж итгэдэг үү? Итгэж болно оо. Гэхдээ тийм удаанаар хайрлуулж чадах ухааныг ганцхан бүсгүй хүн л олж чаддаг юм шүү. Наад мөрийг чинь ийм том болсныг, чи хүртэл бүтнээрээ багтчих шахам тийм ханхар болсныг харин ганц л хүн хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тэр бол ээж би. Тэр том мөр төө хүрэхгүй жижигхэн байхад, энэ том эр тохой хүрэмгүй бяцхан байхад ээж нь ургийн сүүгээрээ нүүрийг нь арчиж, уртын дуугаар бүүвэйлэн хурайлсан юм.

Үр минь нэгэн цагт өсөж том болно. Өөр нэгэн бүсгүйг ижийгээсээ илүү хайрлана гэдгийг тэгэхэд л би ойлгосон. Гэвч чамаас харамлаж байсан удаа нэгээхэн ч үгүй. Надаас авсан тэр их хайраар чамайг л гагц бүтэн хайрлаасай гэж, надтай өнгөрүүлсэнээс илүү жаргалтай цаг хугацааг чамтай л гагц элээгээсэй гэж хоног өдрийн уртад зальбиран зальбиран хурайлсан юм. Хол ойрын зайд санан санан ерөөсөн юм.

Хүү минь хүний бүсгүй үрийг хожим нэг гомдоох вий гэхдээ ээж нь өдөр бүр заан сургаж, эндэгдэл бүрт нь эмнэж өгдөг байлаа. Хүзүүнийх нь хонхорхойд хэлээ дүрэн гижигдэж, хөлийнх нь улыг өхөөрдөн илж суухдаа бүсгүй чамайг нэг бус удаа санаж л суусан юм. Үр минь өлсөж чадна, бас өвдөж ч мэднэ. Хад чулуугаар хийгээгүй юм шүү гэж хайртай ээж нь чамд сануулъя. Хат суух яагаа ч үгүй байна. Хааяа ч гэсэн аргадаж байгаарай. Бүсгүй хүн омголон доо омголон. Би өөрөө ч тийм л байсан. Уурлаж тунирхаж бололгүй яахав, эрчүүд гэдэг мартамхай улс даа. Уулзах цагаасаа хоцорч, ууж наргиж ганц нэгхэн явж мэднэ. Уучилж нэг л удаа өнгөрүүлээрэй. Урьдчилж заавал тэрнийгээ сануулаарай.

Ход ход инээн үнэгчилж, хоёрхон сартайдаа ижийгээ нэг их баярлуулж билээ. Тэр өдрийг хүртэл хүү минь нүдээ ч бүтэн нээлгүй, өсөж хурдхан том болох гэж өдөр шөнийн уртыг унтаж бардаг байсан юм. Ганганаж ганц нэгхэн үг хэлдэг байхдаа гараа өхөөрдмөөр тосож ирээд "Надаа" гэж гуйж байсныг нь мартаж яаж ч чадах билээ. Энэ орчлонгоос, бас ээжээсээ амьдрал гуйж тийнхүү алгаа тосож байхад нь би хожмын гэрэлт өдөр учрах бүсгүй чамайг бас л санаж билээ. Алгаа тосон хайр гуйж байгаа хүүд минь хэн нэг нь хатуурхаж бүү хараагаасай гэж, шоолж битгий элэглээсэй гэж ээж нь тэгэхэд зальбирч байсан юм. Ирээдүйг нь гэрэлтэй сайхнаар төсөөлж суусан юм. Харин чи тэгж чадаж байна уу?

Хүү минь хэрвээ алгаа тийнхүү тосож байвал хүүхэн үр минь чи гараа бүү харамлаарай. Хайраа бүү нуугаарай. Ганцхан л удаа гуйдаг юм шүү, эр хүн чинь. Ганц л бүсгүйг мартахгүй санаж явдаг юм шүү. Тэр нь чи байгаасай. Чамайг би гэрэл гэж нэрлэе. Миний л хүү чамайг хайрласан юм чинь чи энэ орчлонгийн хамгийн сайхан нь байж таарна. Миний л хүү чамайг сонгосон юм чинь чи надаас ч илүү үнэтэй байж таарна. Тийм үнэт эрдэнэ хүүд минь олдож, тийм сайхан гэрэл хүүг минь гэрэлтүүлж байвал би ч бас жаргалтай явах болно.

Харин тэр их гэрэл үргэлж асан дүрэлзсээр байвал түймэр болон дэгдэнэ. Тэр түймэрт хажууд чинь хамгийн ойрхон суугаа хүүгий минь зүрх ч бас хорсож түлэгдэх нь гарцаагүй. Нэг л удаа түлэгдэж орхивол зүрхэнд нь үрчлээ суучихна шүү. Үрчлээтэж, нэгэнт түлэгдсэн зүрх дахин чамайг урьдынх шигээ хайрлаж чадна гэж би бодохгүй байна. Тиймээс өргөс шиг үгээр дандаа бүү шив, өрвөлзөж өөлсөн нүдээр үргэлж бүү ширвээрэй. Тэвчиж бүр болмооргүй шиг байвал эхлэл дээр нь орхиорой. Эргэж битгий хараарай. Эмзэг залуу зүрх нэг л удаа дурлана биз, яадаг юм. Энэ яваа насандаа чамайг л ганц бодно биз, яахав дээ.

Хүүгээ би уул гэж нэрлэе. Хамгийн өндөр ууланд ч сүүдэртэй тал байдаг юм даа. Хаана нь удаан зогсохоо чи өөрөө л шийднэ. Даараад байвал нар туссан энгэр дээр нь оч. Цэцэгс найгаж, эрвээхэй хөөцөлдсөн тийм сайхан нугыг хүү минь чамд үзүүлнэ. Ширхэг үндэс бүрийг нь ээж нь тарьж өгсөн юм шүү. Шинэхнээрээ байгаа дээр нь амжиж эрхэлж ав. Үүнийг чамд л зөвшөөрч чадна.

Халууцаж бахардаад байвал сүүдэрт нь түрхэн зогс. Хааяа нэгхэн үлээсэн сэрүүхэн салхийг мэдэр. Тэр салхи заримдаа их ухаарлыг үлдээдэг юм. Тэгж бас үзсэн болоод л би бүсгүй хүнийхээ хувьд чамд үүнийг тэрлэж сууна. Онголж тахисан тэр нарлаг уулын орой нь дэндүү өндөр дөө, дээр нь бүү зайдла. Бүсгүй хүн уулыг зайдалдаггүй юм. Арга билгийн орчлонд аядуухан л байсан хожино доо. Аальхан хонгор зан аль л хатууг зөөллөнө дөө.

Хүүгий минь тэргүүнд чи гараа хүргэж болно. Хөмсөг нүдийг нь үнсээд эрхлэн жаргаж болно. Хүзүүн дээр нь л бүү зайдлаарай, нүгэл гэлцдэг юм билээ. Хийморь юуг нь гамнаарай, хожим чамд л хэрэг болно. Өрх гэрийнхээ тоонон дээр нохой ч гаргахыг цээрлэдэг өвгөд минь тэгж захисан юм шүү, учир байж л таарна.

Энэ бүхний эцэст би уул шиг том болсон хүүгээ чамд өгье. Ээжийгээ санан бэтгэрч, энгэрт минь нүүрээ нуудаг байсан жаахан хүү минь одоо бүхлээрээ чинийх боллоо. Үзэсгэлэнт нугад нь өөр шигээ олон олон цэцэгсийг ургуулаарай. Сүүдэрт нь суугаад өөрийнхөө их гэрлээс жаахныг ч болсон тусгаж бүлээцүүлээрэй. Тэр гэрэлд чинь би ч бас бүлээцэн жаргая. Тэмүүлэл мөрөөдөл бүхнийг чинь хүүтэйгээ хамт биелүүлье.

2015-03-04

Сургамжит богино үлгэр

Эрт урьд цагт нэгэн хаант улс байжээ. Хаан нь өндөр наслан бие нь муудаж үхэх дөхөв гэнэ.

Хаан хоёр хүүтэй юмсанж. Тэднийхээ хэнийг нь хаан болгохоо мэдэлгүй бодож бодож нэг гэрээслэл үлдээв. "Намайг нас барахаар хоёр хүүгийн дунд морины уралдаан зохиож хэнийх нь морь сүүлдсэн түүнийг хаан болго" гэжээ.

Хаан нас барлаа.

Хоёр хүү гэрээслэлийг уншаад, морьтойгоо уралдав, аль сүүлдэж ирсэн нь хаан болно гэдгийг уншсан тул морьдоо маш удаанаар явуулж байв бүр сүүлдээ хоёул зогслоо. Хэд хоног зогссоны эцэст уралдааныг цуцлаад ямар ч утгагүй юм хэмээгээд мэргэн ардаас учрыг нь асуухаар явлаа.

Мэргэн ард хэрэг явдлыг сонсоод "та хоёр морио солиод уралд" гэжээ.

Ингээд өөрийн морийг хоцруулж барианд оруулахын тулд ах дүү хоёр аль байдгаараа унасан мориныхоо хүчийг шавхан уралджээ. Ийнхүү хаанаа тодруулжээ.

Яагаад ч юм дээрхи үлгэр сонирхолтой санагдаад биччихлээ.

2015-01-23

Бодлоос дусагнав




Мөнх зүйл гэж хорвоод үгүй
Зовлон тохиовч заавал давна
Жаргал ирэвч буцаад арилна

Хайр хүлээн авах шиг хэцүү зүйл үгүй
Учир нь чи буцааж хайр өгөх ёстой
Үгүй бол чи муу хүн гэж дүгнэгдэх болно

Юм гэдэг хэмжээ хязгаартай
Хэм нь хэтрэхээрээ зовлон болно
Хэмжээг нь тааруулж чадах нь жаргалын үндэс

Үнэн гэж үгүй
Худал гэж байхгүй

Сэтгэл гэдэг биений хэсэг
Махан бие бол сэтгэлийн тасархай

Өөрийн бодолтой байна гэдэг
Өрөөл бусдыг үгүйсгэхийн нэр биш

Хүн бүр тус бүртээ бодолтой бие хүн гэх боловч
Бүгд л нэг ижил зовлонтой

Гутарлаа гэвэл гутарна
Сайхан болно гэвэл сайхан болно

Чи нэгэнт хийж чадахгүй юм бол бүү бухимд, зүгээр л орхи
Яаж ийж байгаад болох юм бол бас бүү бухимд, зүгээр л хий

Хайрыг буцааж авч чадахгүй
Хайртай хүн чинь чамд өгч чадахгүй байвал
Зүгээр л түүнийг орхи
Хайраа дотроо хадгал
Гэхдээ түүнтэй битгий муухайгаар харьц

2013-10-26

Тархи угаагч 2

Хэрвээ та үүний өмнөх нийтлэлийг уншаагүй бол энд дарж уншаарай.

3. Нүдэнд үл үзэгдэх импорт. Фэсбүүк эсвэл олон нийтийн сүлжээнүүд "үнэгүй" гэсэн шошгон дор бидний хоолноос хороож эхэлсэн. Та гайхаж байж магадгүй юм. Түүнийг батлах нэгэн жишээ дурдъя. Фэсбүүкийн хажуу талд гарах зар сурталчилгааг мөнгө өгч байршуулдаг. Түүнийг Монголын компаниуд ч бас хэрэглэж байгаа учир нь бид фэсбүүкэд олноороо орж байгаа тул олон хүнд өөрсдийгөө сурталчилахын тулд энэ сувгийг ашиглаж л таараа. Харин тэдний төлөх мөнгө шууд л фэсбүүкрүү яваад өгнө. Хэрэв бид фэсбүүк огт хэрэглэдэггүй байсан бол манай компаниуд тийш нь мөнгөө цацах байсан уу? Хятад улс фэсбүүкийг хаасан нийгмийн сүлжээ байхгүй гэж хүмүүс ярьдаг, ойлгодог гэтэл үнэн хэрэг дээрээ Хятад улс биднээс илүү ухаан гаргаад өөрсдөө тэр сувгаа үүсгээд өөрсдөдөө ашиг оруулах замыг сонгожээ. Тэгэхээр бид ч бас эх орны үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Миний санал болгох хэдэн нийгмийн сүлжээнүүд байна. http://asubi.mn, http://biznetwork.mn гэх мэт...

4. Нойр бол хамгийн сайн сэргээш. Манай хүүхдүүд шөнө унтахаа больжээ. Шөнөжин фэсбүүк шагайгаастай. Нойроо сайн аваарай гэж хэлмээр байна. Нойр дутуу явснаас болж ямар асуудлууд үүсч болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

5. Нийгмийн сүлжээ бол мэдлэг хуримтлуулах зүйл биш. Яагаад гэдгийг эрхэм та эндээс уншина бизээ. http://news.num.edu.mn/?p=12143

Уншигч авгай та авах гээхийн ухаанаар хандана уу.

2013-10-25

Тархи угаагч 1

Хэдхэн хоногийн өмнө би нэг бичлэг үзлээ. Нилээн эх оронч үзэл гаргаж хийсэн сайхан бичлэг байсан. "Дэв" киноны гол дүрд тоглодог ах тэр бичлэгт тоглосон байсан. Угт бичлэгт эх орон гэж юу болох, Монгол хүний үнэ цэнэ гэж юу болох зэргийн талаар ярьж байсан. Харин тэр нэг хэлсэн үг нь чихэнд их тусч, бодолд боловсруулагдаж үлдэн энэ цуврал эргэцүүллийг бичихэд хүргэсэн юм. Тэр нь "...бид оюун ухаан, мэдлэг чадвараараа бусдыг удирддаг биш, мэдээллийн хэрэгслээр удирддаг нийгэмд амьдарч байна..." гэсэн үг байсан. Ингээд "Тархи угаагч" гэх цувралыг өөрийн сонирхлоор бичихээр шийдлээ.

1. Монголчууд харь оронд эзлэгдлээ. Бид Монгол хүн байж дургүй нэгийгээ "хятад" хэмээн хараана гэдэг бол маш буруу зүйл. Нэг худлаа үг мянган хар санааг төрүүлдэг. Үг бүрээ цэнэж хойч үеэ бэлдэх хэрэгтэй. Гэтэл олон нийтийн хэрэгслээр болон нийтийн сүлжээнүүдээр манай улс мөхөж байна, Хятадууд газар сайгүй болсон, Монгол хүн нутагтаа эзэн нь байж тайван амьдарч чадахгүй байгаа гэх мэт хар бараан зүйлсийг хүүхэд багачуулын чихэнд хоногшиж ясанд нь тултал ярьж тэднийхээ ирээдүйдээ итгэх итгэлийг нь бага балчир наснаас нь мохоож байна. "Худал үгийг мянга давтвал үнэн болдог" гэдэг үг шууд утгаараа бус ч цаагуураа нэг юм хэлээд байдаг гэдгийг бодох хэрэгтэй. Түүний оронд хүүхдүүд бол зүгээр л сураад байж байх ёстой.

2. Сурлагын түвшин муудлаа. Энэ жилийн ЭЕШ-ийн дүнг үзэж суутал Монголын бүх хүүхдүүд тооны хичээл дээрээ 50 хувь хүрэхгүй үнэлгээ авч байна гэсэн нь сэтгэл гонсойлгож айдас төрүүлсэн юм. Миний бага байх үед энэ нийтийн сүлжээ гэх зүйл байхгүй байлаа. Тиймээс нийтийн сүлжээгээр охидтой чатлаж, хэнийг нь ч танихгүй нэгэн алиа бандийн охин мэт аашилж байгаа бичлэгийг үзэж, охидын тэнэгтэхийг харж инээн "элийрэл бол төгс гэгээрэл" гэх мэт үгсийг шүтэж өсөөгүй билээ. Миний үеийн охид ч бас мөн адил нийтийн сүлжээгээр хагас нүцгэн шахуу зургаа цацаж олон хүмүүсийн "таалагдлаа" гэсэн ганц товчны тоог харан өөрийгөө хөөрхөн гэж хөөрч, өөрийгөө том бүсгүй болчихсон мэт төөрч өсөөгүй билээ. Бага наснаас дадсан зүй бус үйлдэл хорт зуршил болж засрахад хэцүү болдог билээ. Харин бид бага насандаа хичээлээ хийх гэж сургууль дээрээ цугларч, чөлөөт цагаараа найзуудтайгаа сагс, гар бөмбөг тоглож, зурагт, радиогоор үе үе явах дуртай дуугаа чангалж байгаад л сонсдог байж билээ.

Уншигч авгай та авах гээхийн ухаанаар хандана уу.

2013-09-12

Хүлээ хонгор минь хүлээ

Би чамайгаа санах юмаа
Битүүхэн дотроо уйлах юм
Болзож байснаа бодох юм
Бодож суугаад инээх юм
Чиний минь нэгэн сайхан дүр
Чин зүрхний гүнд тодроод
Чичирсэн зүрхний шалтгаан болоод
Чинэрсэн хуруугаараа мөрүүдээ бичлээ
Хайртыгаа эргэн иртэл
Хөнжилдөө уйлан хүлээгээрэй
Холоос гүйгээд иртэл минь
Хоног тоолон хүлээгээрэй

Одгоодоо