2013-10-25

Тархи угаагч 1

Хэдхэн хоногийн өмнө би нэг бичлэг үзлээ. Нилээн эх оронч үзэл гаргаж хийсэн сайхан бичлэг байсан. "Дэв" киноны гол дүрд тоглодог ах тэр бичлэгт тоглосон байсан. Уг бичлэгт эх орон гэж юу болох, Монгол хүний үнэ цэнэ гэж юу болох зэргийн талаар ярьж байсан. Харин тэр нэг хэлсэн үг нь чихэнд их тусч, бодолд боловсруулагдаж үлдэн энэ цуврал эргэцүүллийг бичихэд хүргэсэн юм. Тэр нь "...бид оюун ухаан, мэдлэг чадвараараа бусдыг удирддаг биш, мэдээллийн хэрэгслээр удирддаг нийгэмд амьдарч байна..." гэсэн үг байсан. Ингээд "Тархи угаагч" гэх цувралыг өөрийн сонирхлоор бичихээр шийдлээ.

1. Монголчууд харь оронд эзлэгдлээ. Бид Монгол хүн байж дургүй нэгийгээ "хятад" хэмээн хараана гэдэг бол маш буруу зүйл. Нэг худлаа үг мянган хар санааг төрүүлдэг. Үг бүрээ цэнэж хойч үеэ бэлдэх хэрэгтэй. Гэтэл олон нийтийн хэрэгслээр болон нийтийн сүлжээнүүдээр манай улс мөхөж байна, Хятадууд газар сайгүй болсон, Монгол хүн нутагтаа эзэн нь байж тайван амьдарч чадахгүй байгаа гэх мэт хар бараан зүйлсийг хүүхэд багачуулын чихэнд хоногшиж ясанд нь тултал ярьж тэднийхээ ирээдүйдээ итгэх итгэлийг нь бага балчир наснаас нь мохоож байна. "Худал үгийг мянга давтвал үнэн болдог" гэдэг үг шууд утгаараа бус ч цаагуураа нэг юм хэлээд байдаг гэдгийг бодох хэрэгтэй. Түүний оронд хүүхдүүд зүгээр л сураад байж байх ёстой.

2. Сурлагын түвшин муудлаа. Энэ жилийн ЭЕШ-ийн дүнг үзэж суутал Монголын бүх хүүхдүүд тооны хичээл дээрээ 50 хувь хүрэхгүй үнэлгээ авч байна гэсэн нь сэтгэл гонсойлгож айдас төрүүлсэн юм. Миний бага байх үед энэ нийтийн сүлжээ гэх зүйл байхгүй байлаа. Тиймээс нийтийн сүлжээгээр охидтой чатлаж, хэнийг нь ч танихгүй нэгэн алиа бандийн охин мэт аашилж байгаа бичлэгийг үзэж, охидын тэнэгтэхийг харж инээн "элийрэл бол төгс гэгээрэл" гэх мэт үгсийг шүтэж өсөөгүй билээ. Миний үеийн охид ч бас мөн адил нийтийн сүлжээгээр хагас нүцгэн шахуу зургаа цацаж олон хүмүүсийн "таалагдлаа" гэсэн ганц товчны тоог харан өөрийгөө хөөрхөн гэж хөөрч, өөрийгөө том бүсгүй болчихсон мэт төөрч өсөөгүй билээ. Бага наснаас дадсан зүй бус үйлдэл хорт зуршил болж засрахад хэцүү болдог билээ. Харин бид бага насандаа хичээлээ хийх гэж сургууль дээрээ цугларч, чөлөөт цагаараа найзуудтайгаа сагс, гар бөмбөг тоглож, зурагт, радиогоор үе үе явах дуртай дуугаа чангалж байгаад л сонсдог байж билээ.

Уншигч авгай та авах гээхийн ухаанаар хандана уу.

No comments:

Post a Comment